Амьдрал гэдэг чинь үнэндээ тийм ч амар эд биш юм аа андуудаа. Нэг алхам урагшлах тусам асуудлууд улам л ээдрээтэй болоод байх юм. Жишээ нь гэхэд Би, хэдхэн жилийн өмнө, зөв буруугаа ч ялгаж чадахгүй, эрх танхил явж байсан залуу ачтай буянтай аав, ээж, ах эгч нарынхаа тусламжтайгаар амьдралыг бодитоор харах нэг зөв алхам хийсэн юм. Энэ маань Америкт ирсэн явдал байлаа. Бодоод байхад энэ алхам миний амьдралд тохиолдсон хамгийн олзуурхууштай үйл явдал. Xэдий зөв алхамаа хийсэн ч гэсэн юм ямар нэгээр дуусдаг биш цаана нь маш олон асуудалд шийдвэр гаргах томоохон алхaмууд хүлээж байдаг юм байнаa.Гэхдээ нөгөө зөв буруугаа ч ялгаж чаддаггүй байсан үеээ бодвол (гадаад оронд ирээд юм үзэж нүд тайлаад ирэхээр, биеэ дааж амьдраад ирэхээр, өөрийгөө тэжээдэг болоод ирэхээр) одоо нэг юм муухан ялгаж салгадаг болоод ирж байх шиг байна аа. Энэ бол яалт ч үгүй миний амьдралд гарсан нэг томоохон дэвшилт юм. Зарим андууд маань энэ Цэгмээ одоо зөв буруугаа ялгана гэж юу яриад байгаа юм бэ ? Мэдээжийн юм яриад байх юм? Энийгээ ялгаж чадахгүй хаагуур явж байсан хүүхэд вэ? гэж бодож магад. Ингэж бодож байгаа андууддаа хэлэхэд: Хэдүүлээ амьдралыг далай доторхи мөсөн уул (iceberg) гэж бодъё л доо. Тэгэхэд тэр мөсөн уулын далайгаас ил гарсан хэсэг нь яахав тэр мэдээжийн зөв бурууг ялгадаг ойлголттой амьдрал байх гэж би бодож байна. Жишээ нь: бидний амьдралын оршил хэсэг болох аав ээжтэйгээ амьдарч санаа зовох зүйлгүй явсан тэр сайхан үе маань дээр хэлсэн тэр мөсөн уулын оргил хэсэг нь юм шиг санагдаад байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол энэ үед бид нарын жинхэнэ амьдралд хөл тавихад хэрэг болох оюун ухаан, бие махбодийг бэлдэж өгдөг нэг ёсны бэлтгэл хэсэг гэх юм уу даа. За тэгээд харин бие даагаад, өөрийнхөө толгойг хариуцах болоод, өөрсдийнхөө амьдралыг авч явах дээрээ тулаад ирэх тэр л үед нөгөө бид нарын яриад байсан энгийн юм шиг зүйлүүд чинь ээдрэтэй, ярвигтай, толгой эргүүлэм, төөрөгдүүлэм болсон байна даа. Энэ л үеээс эхлээд таны амьдрал дахин шинээр эхлэж байгаа юм шиг, энэ л үед таны урьд нь төсөөлж байсан амьдралын тухай ойлголт чинь тэр мөсөн уулын жижигхэн хэсэг нь юм байна харин одоо энэ туулах гэж байгаа амьдрал чинь тэр мөсөн уулын их бие буюу усан доор байрлах нүсэр том суурь нь юм байна гэж бодож эхлэнэ - мэдэхгүй, чадахгүй, эргэлзэх, тээнэгэлзэх,
бухимдах, шантрах зүйл олширч, нөгөө л зөв буруугаа ялгах асуудал чинь дахин хурцаар тавигдаж эхлэнэ дээ хөөрхий. Хэдүүлээ саяын хэлсэн зүйлээ жишээ нь дээр тайлбарлах гэж үзье л дээ. Жишээ нь: бидэн шиг гадаадад амьдарч байгаа ихэнхи залуучуудад маань тохиолддог нэгэн чухал асуудал бол: ..."Би ер нь цаашдаа эрдэм номын мөр хөөсөн дээр үү?" эсвэл "Хар ажил хийгээд хэдэн төгрөг хуримтлуулж байсан нь дээр юм уу ?" Аль нь зөв, аль нь буруу сонголт вэ ?... Үнэнийг хэлэхэд, энэ асуудлын уг үндсийг хараахан ойлгоогүй байгаа, яг ийм шийдвэр гаргах мөч тулаагүй байгаа хэн ч гэсэн мэдлэг нь хэрэгтэй гэж түүртэлгүй хэлэх нь ойлгомжтой. Яагаад гэвэл аав ээжүүд нь тэгэж сургасан, багш нар нь тэгэж заасан эсвэл мэдээллийн хэрэгслүүдээр тэгэж хэлж байсан болохоор. Одоо хэдүүлээ энэ асуудал дээр манай залуусын сонгодог нийтлэг хэдэн замуудыг авч үзье. 1. Ирээд суралгүй шууд ажил дээр гарах, 2. Сургуульд орчоод дундаас нь хаях, 3. Гүрийж байгаад сургуулиа төгсөх 1. Ирээд суралгүй шууд ажил дээр гарах - Зөв буруугаа хараахан ялгаж чадахгүй байгаа нэгэн Мэдлэг хэрэгтэй нь үнээн үнэн гэхдээ яг бодит амьдрал дээр ихэнхи залуус маань мэдсээр байж суралгүй зүгээр л хар ажил хийгээд явахыг нь зөв сонголт гэж ойлгоод байна. Яагаад тэр вэ ? Хэд хэдэн шалтгаан байж болох юм. (1) Гадаадад дөнгөж хөл тавьж байгаа залуус маань санхүүгийн эх үүсвэргүй ирэх нь ойлгомжтой. (2) Гэтэл яадаж байхад гадаадад
сургуульд сурах төлбөр нь их өндөр байдаг. Тэгэхээр ихэнхи залуус маань юу гэж боддог вэ гэхээр " за яахав эхлээд ажил хийж байгаад бололцооны хуримтлалтай болоод ирэхийн цагт тэр сургууль соёлын талаар бодож үзье" гээд шууд ажиллаад эхлэж байгаа юм. Уул нь бол боддог л бодол. Гэтэл энд маш том сөрөг үр дагавар бидэнд анзаарагдахгүйгээр нөлөөлж байдаг гэнэ. Хүн байнга өөрийгөө хөгжүүлж байж (Жишээ нь өөрийгөө хөгжүүлнэ гэж оюун ухаанаа мэдлэгээр цэнэглэх, өдөр болгон шинэ ярвигтай асуудлуудтай тулгарах, бодож тунгаах, зэрэг) амьдралаа утга учиртай, урам зоригтой, идэвхи зүтгэлтэй, амжилт бүтээлтэй, болгож ирдэг гэнэ ээ. Харин зүгээр нэг хэвийн (толгойгоо гашилгаж, бодож тунгаах зүйлгүй) ХАР АЖИЛ-ыг удаан хугацаанд хийгээд ирэхээр нөгөө хүний чинь оюун ухаан хөгжихгүй зогсонги, үхмэл байдалтай болж ирдэг гэнэ ээ. Хамгийн аймшигтай нь энэ байдал удаан үргэлжлэх тусам нөгөө эрдэм боловсрол хөөх гэгээлэг бодол чинь бүдгэрсээр (холдсоор) биелэгдэхээргүй, хүршгүй хол даваа юм шиг санагддаг болох үзэгдэл юм. 2. Сургуульд орчоод дундаас нь хаях - Зөв буруугаа ялгаж чаддаг мөртлөө зөв сонголтоо хэрэгжүүлж (үйлдэлтэйгээ холбож) чаддаггүй нэгэн За эдгээр залуус маань ямар ч л байсан аль нь зөв сонголт аль нь буруу сонголт гэдгээ ялгаж чаддаг болсон хүмүүс юм. Гэхдээ энэ замыг сонгосон залуус бүгдээрээ ялгаж чаддаг гэж хэлэхэд хэцүү юм. Яагаад гэхээр зарим залуус маань ямарваа нэгэн том шийдвэр гаргахад их эргэлздэг болсон байдаг. Энэ үед нөгөө ойр дотны аав ээж, хань ижил, ах эгч, найз нөхдийн санал зөвлөгөө их нөлөө үзүүлдэг байх гэж бодож байна. За ямартай ч өөрөө дангаараа зөв сонголтоо хийгээд эсвэл ачтай буянтай аав ээж, ах эгч, сайн нөхөдийнхөө
зөвлөгөөгөөр сургуульдаа ороод авлаа гэж бодъё л доо. Орсон л бол бүх юм сайхан болно гэж юу байхав. Анхныхаа өдрөөс л эхлээд нөгөө өндөр шаардлага, зарчим, үүрэг хариуцлагууд (сургалтын төлбөрөө төлөх, хичээл даалгавараа хийх, цаг баримтлах,), ар араасаа урган гарч ирнэ дээ. Үүгээр ч зогсохгүй дайны хажуугаар дажин гэгчээр хүний нутагт байгаа бид чинь бор ходоодоо тэжээхийн тулд, байр сууцныхаа төлбөрийг төлөхийн тулд сурахынхаа хажуугаар зайлшгүй ажил хийх шаардлагатай болно. За тэгээд ч зогсчихгүй ээ, энэ улсын соёл заншилд дасан зохицох, хэлний проблем, гэр орноо санах, гээд л бум түмэн асуудлууд бас л араас дагаастай. Зайлуул бид чинь ямар урьд өмнө ийм их асуудлуудтай нэгэн зэрэг тулгарч байсан биш мөн ийм их ачаалал үүрж байгаагүй болохоор маш хүндээр тусаж байгаа юм. Хамгийн гол нь эдгээр асуудлуудтай халз тулаад ирэхээр аль нь зөв (хэрэгтэй), аль нь буруу (хэрэггүй) гэдгэээ мэдсээр байж тэрийгээ үйлдэлтэйгээ холбож (зөв сонголтоо хэрэгжүүлж) чадаагүйгээс болоод зарим андууд маань сургуулиа дундаас хаях тохиолдол нэлээдгүй гарч байна. 3. Гүрийж байгаад сургуулиа төгсөх - Зөв буруугаа ч ялгаж чаддаг, мөн зөв сонголтоо ч амьдрал дээр хэрэгжүүлж чаддаг (үйлдэлтэйгээ холбож чаддаг) нэгэн Энэ замыг сонгож чадсан залуус маань хэцүү ч гэсэн тэр их олон бэрхшээлүүдтэй шантралгүй тууштай (тэвчээртэй) тэмцсэний үр дүнд
нөгөө зовсны эцэст жаргана гэгчээр хүссэн зорилгоо биелүүлж сургуулиа төгсөж чаддаг байна. Дээр дурдсан (1,2-р замыг сонгосон) залуусаас эдгээр залуусын ялгарах хамгийн гол ялгаа нь тэд аль нь зөв (хэрэгтэй), аль нь буруу (хэрэггүй) гэдгэээ ялгаж чаддаг мөн зөв гэж үзсэн сонголтоо үйлдлээрээ бататгаж (амьдрал дээр хэрэгжүүлж) чаддаг явдал юм. Хэхэхэ, за нэг юм бичье гэж бодож байсан санаануудаа бүгдэнг нь шингээх шиг боллоо. Харин тэр найруулга энээ тэрээ нь жаахан маруухан байж магад шүү. Гол нь хэлэх гэсэн санаагаа ойлгуулж байвал болох байх гэж бодоод л би ингээд өөрийнхөө бодол эргэцүүллээ бичээд байдаг ухаантай. Мөн энэ бичнэ гэдэг чинь хүний харилцааны чадварыг сайжруулдаг бөгөөд ялангуяа бодож санасан зүйлээ бүрэн илэрхийлж сурахад маш их хэрэгтэй эд гэж бодож байна. Ялангуяа бид нар шиг гадаад байгаа, шинэ соёлд дасан зохицох гэж хичээж байгаа, эх эцэг, хань ижил, үр хүүхэд, ах эгч, найз нөхдөөсөө хол байгаа хүмүүст маш их хэрэгтэй эд гэнэ дээ. Дотроо бодож явдаг, бухимдаж явдаг зүйлээ цаасан дээр буулгаад биччихэд маш их тайтгарал өгдөг гэнэ шүү. Та бүхэн санаа бодлоо чөлөөтэй солилцоорой.
Блогийн нүүр » Аль нь зөв, аль нь буруу сонголт вэ ?
2008-11-22 18:38:43


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: